Хүн анд нөхөдтэйгээ уулзан сонирхол татсан олон асуудлыг чин сэтгэлээсээ илэн далангүй ярьж хүүрнэх үнэхээр сайхан байдаг. Харилцан ярилцахгүй байлаа ч сэтгэлээ уудлан хэлж, тайвширдаг хүмүүс бий. Гэхдээ бид хамгийн ойр дотны хүмүүс болох анд нөхөд хүүхдүүдтэйгээ элэгсэг дотно хүндэтгэн ярилцахаас зайлсхийдэг, залхуухдаг нь буруу. “Ажил дээрээ элдийг ярьж залхах юм” гэж нөхөрсөг яриа хөөрөөг мэргэжлийн яриа гэж ташаа ойлгодог явдал бий. Уран зохиол, гүн ухаан түүхэн зохиол байнга уншдаг хүн бүр сонирхолтой харилцан ярилцагч байдаг юм. Мэдэж байгаа зүйлээ хүний анхаарал татахуйц ярьж чадахгүй байгаа нь тухайн хүн уран илтгэгчийн чадвар эзэмшээгүйн илрэл болно. Ярих урлаг муу байгаа нь сэтгэн бодох, эрэгцүүлэн ухаарах чадвар дулимаг байгаана гэсэн үг юм. Уншсан зүйлээ “ойлгох” чадваргүй бол ярих чадвар төлөвшдөггүй билээ. Юм уншина гэдэг уншсан бүхнээ тогтооно гэсэн үг биш. Хүн ном хэвлэл уншиж мэдсэн, хаа нэгтээ харсан зүйлээ “ярьж байж л тогтоодо” гэж сэтгэлгээ уншлагын сэтгэл зүйн судлаачид үздэг.
“Асуулт хариулт”-аас бүрдэх тайван яриа хөөрөө, халуун маргааны явцад гүн бат мэдлэг олж авна. Оюун санааны үнэт зүйлсийн нэг нь ухаантай өргөн мэдлэгтэй хүнтэй цэц булаалдах явдал юм. Цэц булаалдах нь унших явдлаас бүр эрт дээр үеийнх бөгөөд олон суут хүмүүсийн хүлээн зөвшөөрснөөр хүнд маш их таашаал төрүүлдэг ажээ. Яриа нь мэдээллийн сангаа өрөгжүүлэх, сонирхсон асуудлаараа санал бодлоо илэрхийлж тодорхой үнэлэлт дүгнэлт авах шилдэг арга төдийгүй хүмүүстэй харьцаж таашаал авч тэдний ертөнцийг үзэх үзлийг мэдэх сайхан бололцоо юм. Харилцан ярилцаж тодорхой асуудлыг хэлэлцэх явцад хүмүүст шинэ бодол санаа төрнө, мэргэн сэцэн үг бий болно. Сонсогч харилцан ярилцагч байхад хүний анхаарал дээд зэргээр төвлөрч аль болох оноовчтой нотолгоотой ярихыг эрмэлзэнэ. Эрт дээр үед радио, зурагт, кино байхгүй байсан үед өргөн мэдлэгтэй , чадварлаг харилцан ярилцагчийг эрж олж байнга хамт байж, цэц булаалдан маргаж, оюун ухаанаа улам хурцалдаг байжээ. Өнөө үед бид анд нөхөд, танил хүмүүс, үр хүүхдүүдийнхээ сонирхолтой харилцан ярилцагч байхыг эрмэлзэх хэрэгтэй болжээ. Анд нөхөдтэйгээ, гэр бүл дотроо бие биетэйгээ ярилцаж хүүрнэлдэхдээ өдөр тутмын ахуйн
, ойр зуурын хов живийн чанартай мэдээлэл солилцдогоо болих хэрэгтэй. Томчууд ширээний ард сууж ярилцаж байхдаа чухал нухацтай асуудал хөндөх үедээ хүүхдийг “том хүний яриа сонсож болохгүй” гээд өрөөнөөсөө гаргадаг. Хүүхдүүдийн өрөө гэж тусад нь оруулчихаад ярьж хөөрөлдөхгүй байдаг нь маш буруу үзэгдэл юм. Томчуудын тэр бүр үл ойлгогдох халуун яриа, маргааныг хүүдүүд амаа ангайн чагнаж асуулт тавьж байвал зүгээр. Хүүхдүүдийн гэнэ юм шиг мөртөө танин мэдэхүйн чанартай асуултууд нь томчуулыг мэдлэгээ өргөжүүлэх, аль болох оновчтой ойлгомжтой ярьж сургадаг нааштай талтайг байнга сануулж явах нь зүйтэй. Хүүхдүүдийн амьдралаас оюун ухааны яриа, маргааныг алга болгосноор тэдний сэтгэн бодох, тодорхой асуудлаар байр сууриа хамгаалах, хүсэл чадварыг нь алдагдуулж аливаа бодол санааг шүүмжлэхгүй хүлээн зөвшөөрөх, сэтгэлгээний залхууралд хүргэх аюултай. Дээр үед олон улс оронд хүүхдүүдийг бүжиглэх, жадаар өрсөлдөх урлагт сургадаг шигээ маргах, харилцан ярилцах урлаг заадаг байжээ. Эртний Грек улсад дунд сургуульд цэц булаалдан маргаж олны өмнө үг хэлж байхдаа дотоод учир зүйг баримталж байх урлагийг заадаг байжээ. Өнөө үед сүржин гоё үг биш харин үнэнийг тогтоох нь маргааны гол агуулга болжээ. Гэхдээ ямар нэг асуудлаар маргалдаж хэлэлцэж байхдаа харилцан ярилцагчийгаа ямагт хүндэтгэж бодол санаагаа аль болох дөхөмтэй хэлбэрээр хүргэж ойлгуулахыг хичээж яриа үндэслэлийг нь таслахгүй, анхааралтай сонсож бодол санаагаа тулгахаас зайлхийж байх нь зүйтэй. Харилцан ярилцагчийнхаа яриаг няцаахдаа ямагт нотолгоотой үндэслэлийг гаргаж ялангуяа олон хүний өмнө нэр төрийг нь унагахгүй, гомдоохгүй байхыг хичээнэ. Ойр дотны анд нөхдийнхөө чин сэтгэлийн яриаг бусдад дамжуулан ярих, гуйвуулахыг цээрлэх хэрэгтэй.

0 commentsМэдээлүү буцах
Add your comment