Фидель Алехандро Кастро Рус 1926 оны 8 сарын 13-нд Кубын Орьенте мужийн Биран гэдэг гэдэг газар төржээ.

Дараа нь аспирантурт сурч дэд эрдэмтэний цол хамгаалжээ. Их сургуулиа дүүргээд өмгөөлөгчөөр ажилласан байна. Тэрээр ядуу хүмүүст туслаж үнэ төлбөргүй өмгөөлж байжээ. Энэ үеэс тэр Кубын Ардын намд («Ортодоксов») элссэн байна. 1952 онд түүнийг парламентын сонгуульд нэр дэвшүүлж өрсөлдүүлэхээр намын нөхөд нь тооцоолж байжээ. Гэвч 1952 оны 3 сарын 10-нд намын удирдлагууд түүнийг хэт үндсэрхэг үзэлтэй гэдэг шалтгаанаар сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзсан байна. 3 сарын 11-нд Кубад төрийн эргэлт гарч Фульхенсио Батист тэргүүтэй цэргүүд улс орныг хяналтандаа авсан байна. Тэд Кубын парламентыг тарааж, хууль тогтоох эрхийг Сайд нарын Зөвлөлд шилжүүлжээ. Ингээд 1940 онд батлагдсан Кубын үндсэн хууль хүчингүй болсон байна. Фидель Кастро цэргийн дарангуйлалын эсрэг тэмцэлийн тэргүүн эгнээнд байв. 3 сарын 24-нд Фидель Кастро цэргийн эргэлт хийсэн нөхдүүдийг эрх мэдлийг үндсэн хуулийн бус замаар авсан гэж буруутгаж шүүхэд гомдол гаргасан байна. Батистын дэглэм тогтсон эхний жилүүдээс л Ортодоксов намын хүч суларсан байна. Фидель Кастро цэргийн харгис дэглэмийг засгийн эрх мэдлээс түлхэн унагаах зорилгоор тэмцэл хийхээр шийджээ. Ортодоксов намын цөөн хэдэн гишүүд Фидель Кастротой нэгджээ. 1953 оны 7 сарын 26-нд Фидель Кастрогийн удирдсан бүлэглэлийнхэн Сантяго де Куба хотын Монкада бааз руу халджээ. Гэвч Фидель Кастро баривчлагдаж цэргийн шүүх хурал болжээ. Тэр шүүхэд “Түүх намайг цагаатгана” гэдэг нэр авсан үг хэлсэн байна. Шүүхийн танхимд Фидель Кастро Батистын харгис дэглэмийг шүүмжилж, Кубад хувьсгалт өөрчлөлт хийх, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлэх хөтөлбөрөө танилцуулсан байна. Шүүх Фидель Кастрод 15 жилийн ял оноосон ч 1955 оны 5 сард олон нийтийн шахалтаар түүнд өршөөл үзүүлсэн байна. Шоронгоос суллагдаад Фидель Кастро Мексик руу цагаачилсан байна. 1955 оны 7 сарын 7-нд Фидель Кастро Мексикт ирэхэд нь Рауль Кастро болон түүний нөхөд нь угтан авсан байна. Кубын хувьсгалчид Мария Антония Гонсалес Родригес гэдэг бүсгүйн гэрт амьдрах болжээ. Фидель Кастро манай ирэхдээ дүүрэн номтой чемодантай ирсэн. Түүнд өөр зүйл огт байгаагүй гэж дурсан ярьсан байдаг. Мексикт байхдаа Фидель Кастро нөхдийнхөө хамт бослогод бэлтгэж эхэлсэн байна. 1956 оны 8 сарын 26-нд Кубын «Богемия» сэтгүүлд Фидель Кастрогийн бичсэн захидал хэвлэгдсэн байна.”1956 онд бид эсвэл эрх чөлөөтэй, эсвэл золиос болно. 12 сарын 31 хүртэл 4 сар 6 хоног дутуу байгаа энэ үед би Батистуудад хандан анхааруулж байна” гэж бичсэн байжээ. 1956 оны 11 сарын 25-нд “Гранма” гэдэг моторт завиар кубын хувьсгалчид Куба руу явсан байна. Хувьсгалчдийн дотор Аргентины эмч Эрнесто Геваро (Че Гевара) байжээ.1956 оны 12 сард хувьсгалчид Орьентма мужид ирсэн байна. Тэднийг Кубад ирээд удаагүй байтал цэргүүд гэнэт довтолжээ. Хувьсгалчдийн ихэнхи нь алагдаж, зарим нь олзлогдсон байна. Хувьсгалчид хоёр бүлэгт хуваагдан сарнижээ. Гэвч ууланд санамсаргүй тааралдаж эргэж нэгдсэн байна. Фидель Кастрогийн удирдсан хувьсгалчид Батистын дэглэмийн эсрэг сөрөн зогсох чадваргүй байсан ч партизаны дайн хийсэн байна. Кубад газрын шинэтгэл хийнэ гэсэн амлалт нь олон ядуу тариачдыг өөртөө татах түлхэц болжээ. 1958 онд Фидел Кастро “Босогчдийн зэвсэгт хүчний” ерөнхий командлагч болжээ. Мөн оны зун Батистууд хувьсгалчдын эсрэг хүчтэй довтолгоо хийжээ. Энэ үед Фидель Кастрогийн зэвсэгт хүчинд “Оюутны 2-р фронт” нэгдсэн байна. Үүний дараа ялалт залуу хувьсгалчдын талд ирсэн байна. 1959 оны 1 сарын 1-нд Батистын дэглэмийг Фидель Кастрогийн тэргүүлсэн хувьсгалчид ялжээ. Фидель Кастрогийн талынхан 1940 оны Үндсэн хуулийг хүчин төгөлдөр мөрдөж, чөлөөт сонгууль явуулна гэж амлаж байсан юм.м Батистын дэглэмийн дараа Фидель Кастро төрөлх тосгондоо очиж өмгөөлөгчийн ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэж бүр 1957 онд Америкийн Нью-Йорк Таймс сонины сэтгүүлч Герберт Мэтьюст ярьж байжээ. Бодит байдал дээрээ бүх зүйл эсрэгээрээ эргэсэн байна. 1959 оны 2 сараас Фидель Кастро Куба улсын ерөнхий сайдын албан тушаал хаших болжээ. 1959 оны 5 сарын 17-нд Кубын Сайд нарын Зөвлөл газрын шинэчлэл хийж 400 га талбайг эздээс нь хураан авч, тариачдад тараажээ. Бас гадаадын иргэдийн эзэмшилийн үйлдвэр аж ахуйн нэгж, банкийг татан буулгаж, улсын өмч болгосон нь АНУ-ын эрх баригчдын дургүйцлийг төрүүлжээ. АНУ ын агаарын нисэх хүчний онгоцнууд Гаван хотыг бөмбөгдөж эхлэв. Энэ үед Кастрог дэмжих Кубачуудын тоо улам нэмэгджээ. 1959 оны 10 сарын 10-нд Рауль Кастро Кубын батлан хамгаалахын сайдаар томилогджээ. Энэ нь Камагуэе цэргийн баазын удирдлагуудад таалагдаагүй байна. Тус цэргийн баазын дарга Убер Матос 10 гаруй өөр офицерүүдийн хамт огцорч, Фидель Кастрог коммунист гэж шүүмжилсэн байна. Дараа нь тэд төрийн эргэлт хийх төлөвлөгөө боловсруулжээ. 10 сарын 21-нд Матосын талынхан төрийн эргэлт хийхээр бэлтгэж байгаа тухай нууц мэдээллийг Фидель Кастро авсан байна. Фидель Кастро энэ мэдээг аваад Камило Сьенфуэгосуг Камагуэ цэргийн бааз руу явж Матос болон түүний хүмүүсийг баривчлах, зэвсэгийг нь хураах тушаал өгсөн байна. Гэвч Фидель Кастро биечлэн Камагуэд ирсэн байна. Хотын талбай дээр цуглаан хийж, хувьсгалын эсрэг хуйвалдааныг таслан зогсоохыг хүмүүст уриалжээ. Фидель Кастро биечлэн Камагуэ баазын гол хаалганы түгжээг эвдэж, дараа нь цэргүүдийн дэмжлэгтэйгээр Убер Матосыг баривчилжээ. Кубын шүүх түүнд 20 жилийн ял оноожээ. Убер Матос шоронгоос суллагдаад Венесуэль улсад ирж хилийн чанад дахь Фидель Кастрогийн эсрэг сөрөг хүчний гол төлөөлөгч болжээ. Батистын дэглэм нуран унасаны дараа Фидель Кастро бахйр сууриа бэхжүүлэхийн тулд их баривчилгаа хийсэн байна. 1961 оноос Батистуудын үйл ажиллагааг дэмждэг байсан хүмүүсийг баривчилж, хорьж цагдсан байна. Шорон дүүрч, цэнгэлдэх хүрээлэнг ч хорих газар болгож хувиргаж байжээ. 1961 оны 1 сард АНУ ын ерөнхийлөгчөөр Жон Кеннеди ажиллах болжээ. АНУ –ын засаг захиргаа Кубад Фидель Кастрогийн коммунист дэглэмийг түлхэн унагаахын тулд тусгай хөтөлбөрр баталсан байна. 4 сарын 14 нд АНУ ын Дуглас A-26 «Инвэйдер» загварын 8 онгоц Кубын агаарын нисэх хүчний буудлыг бөмбөгдсөн байна. 4 сарын 17-нд Свиней тохойд АНУ ын “Бригад 2506” –ийн цэргүүд иржээ. Тэдний ихэнхи нь АНУ ын тагнуулын төв газрынханд урвасан Кубачууд байлаа. Байлдааны ажиллагаа явуулах бэлтгэлийг тэд Никарагуа улсад хийжээ. Тэд Гватемалын газар нутгаас Кубын эрэг рүү дөхжээ. АНУ ын хөлсний цэргүүд Кубад ирээд нутгийн гүн рүү давшиж чадсан байна. Фидель Кастро тэдний эсрэг цэргийн ажиллагааг удирдаж 3 хоногийн дотор ялалт байгуулжээ. 1173 хүнийг олзолж, 82-155 хүнийг устгасан байна. Кубын засгийн газраас 173 цэрэг үрэгджээ. Үүний дараа Фидель Кастро улс орноо коммунист замаар хөгжүүлнэ гэж дэлхий дахинд мэдэгдсэн байна. 1961 онд АНУ-ын батлан хамгаалах яамныхан Турк улсад өөрийн дундын тусгалтай «Юпитер» пуужингаа байрлуулжээ. Энэ нь Оросын Москва, болон бусад хотууд руу хүрэх хүчин чадалтай байв. Үүний хариуд ЗХУ балластик пуужинг Кубад нууцаар байрлуулжээ. Бас Фидель Кастрогийн засгийн газрыг төрийн эрхээс буулгахын тулд АНУ Кубад цэргийн ажиллагаа явуулах заналхийлэл бодитоор оршиж байлаа. ЗХУ, АНУ –ын зөрчилөөс болж Куба тулааны талбар болох аюул заналхийлж байлаа. Үүнийг олон улсын харилцааны түүхэнд Карибын хямрал гэж нэрлэдэг билээ. /Карибын хямралын тухай эндээс дэлгэрэнгүй уншна уу./ Карибын хямралын дараа АНУ Кубын эсрэг худалдаа эдийн засгийн хориг арга хэмжээ тогтоожээ. Америк тивийн орнуудын байгуулагаас Кубын гишүүнчлэлийг АНУ-ын шахалтаар хасуулсан байна. 1965 оны 10 сараас Фидель Кастро Кубын Коммунист намын 1-р нарийн бичгийн дарга, 1976 оноос Кубын үндэсний ассамблейн төрийн зөвлөлийн дарга болжээ. Фидель Кастрогийн амь насанд халдах гэсэн оролдлого хэд хэдэн удаа гарч байв. Судлаачдын тогтоосноор түүнийг алах гэсэн оролдлого 637 удаа гарч байжээ. Энэ халдлага, хуйвалдааны ард АНУ ын засгийн газар, америкийн улс төр бизнесийн бүлэглэлийнхэн, Фидель Кастрог эсэргүүцдэг Кубачууд байжээ. АНУ ын ерөнхийлөгч Эйзенхауэрын үед Фидель Кастрогийн амийг хороох 38 оролдлого,
Кеннедигийн үед 42, Жонсоны үед 72, Никсоны үед 184, Картерын үед 64, Рейганы үед 197, эцэг Жорж Бушын үед 16, Билл Клинтоны үед 21 удаа Фидель Кастрогийн аминд халдах оролдлого хийгдсэн байна. Тухайлбал 1961 оны эхээр АНУ ын Тагнуулын Төв Газар Чикаго хотын гангтер Жон Росселлид дотор нь хортой капсул өгчээ. Тэр Фидель Кастрогийн идэх байсан хоол руу капсултай хор цацах даалгавар авчээ. Гэвч Фидель Кастро гэнэт ресторанд хооллох шийдвэрээ өөрчилжээ. 1963 онд америкийн өмгөөлөгч Донован Гавана хотод Фидель Кастротой уулзсан байна. Холбооны мөрдөх товчооныхон Фидель Кастрод өгөх бэлэгний дотор сүрьеэ өвчний савханцар байрлуулжээ. Гэтэл өмгөөлөгч Фидель Кастрод өгөх бэлэг дэндүү жижиг гэж голж оронд нь өөр зүйл бэлэглэсэн байна. Харин тусгай албаныханы бэлтгэсэн бэлгийг өөртөө үлдээжээ. Тун удалгүй америк өмгөөлөгч сүрьеэ өвчин тусаж нас барсан юм. 1960 аад оны дундуур америкийн тагнуулынхан Фидель Кастрод зориулан дотороо дэлбэрэх төхөөрөмжтэй навчин тамхи хийжээ. Гэвч Кубын тусгай алба үүнийг илрүүлжээ. 1971 онд Фидель Кастрог Чили улсад айлчлал хийх үеэр АНУ ын хоёрх мэргэн бууч буудах даалгавар авсан байна. Гэвч халдлага хийх өдөр хоёр мэргэн буучын нэг нь машинд дайруулж, нөгөө нь аппендицитийн хурц дутагдал хууч өвчин нь хөдөлсөн байна. 200 онд Фидель Кастрог Панама улсад айлчлал хийх үеэр халдлага зохион байгуулах байжээ. Фиделийн үг хэлэх индэр доор 900 кг дэлбэрэх бодис илрүүлсэн байна. Гэвч тэсрэх төхөөрөмж ажиллаагүй байна.
2006 оны 8 сарын 1-нд Фидель Кастро өөрийн эрх мэдлээ дүү Рауль Кастрод түр шилжүүлсэн байна. Учир нь 2006 оны 7 сарын 31-нд Фидель Кастро ходоодны хагалгаанд оржээ. Сүүлийн жилүүдэд Фидель Кастрогийн эрүүл мэндийн байдал эрс муудсан байна. Байнга л навчин тамхи зуудаг Фидель Кастро 1986 оны намараас тамхинаас гарсан байна. АНУ ын тагнуулын төв газрын 2005 оны 11 сард олон нийтэд дэлгэсэн илтгэлд Фидель Кастрог 1998 онд Паркинсоны өвчин туссан гэж бичсэн байна. Гэвч үүнийг Фидель Кастро үгүйсгэжээ. Фидель Кастро 2001 онд Гавана хотод болсон нэг цуглаанд оролцох үедээ ухаан алдаж байжээ. Үүний дараа өөрийн залгамжлагчаа Рауль Кастро гэж зарласан юм. 2008 оны 2 сарын 19-нд Фидель Кастро бүрэн эрх мэдлээсээ татгалзахдаа “би төрийн албыг орхисон ч та бүхний үзэл сурталын зэвсэг хэвээр үлдэнэ” гэж бичиж байжээ.

3 commentsМэдээлүү буцах
#1clxaoiMay 21, 2011, 8:57 pm
89WW27 , [url=http://fpiangjqggvl.com/]fpiangjqggvl[/url], [link=http://uyyfgguxvrtk.com/]uyyfgguxvrtk[/link], http://eolsptcdqmjz.com/
#2auqnhbwtmMay 17, 2011, 9:25 pm
lsVkrI dxyovaykvzkd
#3MarsueMay 17, 2011, 10:58 am
Superior thinking deomnsartted above. Thanks!
Add your comment