|
“MOCK TRIAL”(10)
Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн “ Практик сургалтын тэнхим”-ээс жил бүр зохион байгуулдаг “MOCK TRIAL” Захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээн жил бүр сонирхолтой бөгөөд амжилттай зохион байгуулагддаг билээ. Тиймээс энэ жилээс эхлэн уг тэмцээн нь хүрээгээ тэлж, “Эрүүгийн болон Иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээн”-ээр өргөжин зохион байгуулагдах гэж байна. Энэхүү Шүүхийн мэтгэлцээний тэмцээн нь хууль судлаач оюутнуудын жинхэнэ мэдлэг, хурдан сэтгэлгээ, ярианы ур чадварыг шаардсан сонирхолтой бөгөөд шударга явагддагаараа онцлог гэнэ. Сургууль сургуулийн оюутнууд яг шүүхийн танхимд нэхэмжлэгч, хариуцагч гэх мэт эсрэг тэсрэг хоёр баг болон оновчтой хууль зүйн үндэслэл, хуулийн зүйл заалт сонголт, тайлбарлалт зэргээрээ жинхэнэ шүүгчдийн өмнө мэтгэлцэн аварга болохын төлөө өрсөлдөнө. Тэмцээнээс өмнө битүүмжилсэн кэйсийг задалж багуудад өгөх юм байна. Тэмцээний ялагч нь “MOCK TRIAL” цомыг хүртэхийн сацуу сургуульдаа нэр хүнд, томоохон амжилтыг авчирж буй хэрэг гэнэ. Өмнөх жилүүдэд болсон захиргааны хэргийн “MOCK TRIAL”-ын эзнээр Шихихутаг, МУИС-ын ХЗС-ын багууд аварга болж байжээ. Тэмцээнд оролцогчдын хувьд, МУИС-ын ХЗС, Шихихутаг, Их засаг, Цагдаагийн академи, Отгонтэнгэр, Орхон, Халх журам зэрэг хууль зүйн сургуулиуд оролцдог байна. Энэ жилийн хувьд сургууль бүрээс эрүү, иргэн, захиргаа гээд 3 баг оролцож байгаа тул нилээн ширүүн бөгөөд сонирхолтой тэмцээн нь дамжиггүй. Тэмцээн нь 3 сарын 11-нд техникийн зөвөлгөөнөө хийж, З сарын 25,26,27-нд болох юм байна. Б.Ариунзаяа |