Физикийг судалцгаая

Энхбаясгалан | speaker.mn
2021-05-04 13:04:43

Шинжлэх ухаан гэхээр нэгэн том хана оюун ухаанд нь автоматаар хаалт болон  босож танин мэдэхүйн ертөнцөөс алслан холдуулж хий хоосон зугаа цэнгэл, дуу хуур бүжиг цэнгээний ертөнц рүү хөтлөн оюун бодлын хөөсрөл дунд улс төржсөн мананд төөрүүлж орхисон бүхэл бүтэн нэгэн үе хав харанхуй масс өнөөгийн нийгмийг өөрсдийн сонголтоороо бий болгож байна. Гэвч хөөрхий тэрхүү масс өөрсдийн бүтээсэн нийгэмдээ хэзээ ч сэтгэл хангалуун байж ирсэнгүй. Хэтэрхий их намчирхал нь хэдэн цаасаар арилжсан сонголт нь өнөөгийн энэ нийгмийг нь бий болгож байгааг тэд ухаарсангүй.

Залуу үеэ хэтэрхий их дуу хуур, бүжиг цэнгээнд автуулж тархийг нь амар хялбар зүйлсээр угжин тэтгэж байгаа нь нэгэн үеийг шинжлэх ухааны ойлголтгүй танин мэдэх хүсэлгүй болгож байгаа оюун санааны гэмт хэрэг гэлтэй.

Санамсаргүйгээр нэгэн алим толгой дээр нь модноосоо тасран унахад тэр нь Ньютоны дэлхийн таталцалын хуулийн онолыг нь өөрт нь бататган өгсөн хэмээх үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байдгийг бид мэднэ. Магадгүй энэ хууч яриа худал байж болох ч Ньютоны танин мэдэхүйн тэр их хүсэл магадгүй түүний ажигласнаар алим модноосоо унахад хүргэдэг тэр хүч л дэлхийн татах хүч хэмээх онолыг нь өөрт нь бататган өгсөн биз. Харин энэхүү нээлт нь хожим нь дэлхийн шинжлэх ухаанд асар том түлхэц болсон гэдгийг бид эрх биш гадарлана.

Байгалийн шинжлэх ухааныг танин мэдэхгүйгээр амьдрах нь ойд модноос мод дамжин үсчих сармагчин лугаа явдал юм. Бидний арван жилийн боловсрол эзэмшихдээ хальт мулт ойлгож, мэдэж авсан тэрхүү физикийн шинжлэх ухааны агуу нээлтүүд байгаагүй бол хүн төрөлхтний хөгжил хаа байхыг хэн ч тааж хэлж чадахгүй. Гэвч бидний ихэнх нь тэрхүү хичээлийг асар богино хугацаанд үзэж судалдаг шигээ асар богино хугацаанд хоолтойгоо холиод идчихдэг.

Магадгүй тэр нь ч зөв байж болох юм. Хэрэв хүн бүхэн байгалийн шинжлэх ухаан тэр дундаа физикийн шинжлэх ухааныг таниж мэдээд эрдэмтэн доктор болдог байсан бол хэн мал маллаж хэн ногоо тарьж хэн сан техникийн засварчин хийх(селесерь) билээ. Тиймдээ ч шинжлэх ухаан гэдэг шашины ном сурахаас илүү, дууны ноот сурахаас ч илүү ярь шиг төвөгтэй байдаг биз.

Харин тэрхүү ярь шиг төвөгтэй зүйлийг судалж шинжилж байгаа улс орон хөгжлөөрөө дэлхий дахинаа манлайлж улс орнуудыг хол хяаж байгааг залхууран хойш сууж, дуу хуур бүжиг цэнгээнээр залуу үеэ угжин тархийг нь хоосрол хөөсрөлөөр тэтгэж байгаа манайх шиг улс орон шагшин биширч харж суухаас өөр яалтай билээ.

Магадгүй бидний амьдарч буй дэлхий хэзээ нэгэн цагт сүйрлээ гэхэд бидний цөөхөн Монголчууд хоосон улс төржилт, ашиг тусгүй хошигнол, үр өгөөжгүй дуу хуур бүжиг цэнгээнтэйгээ энэхүү дэлхийнхээ хамгийн сүүлийн оршин суугчид болон дэлхийтэйгээ хамт сүйрэн устаж үгүй болох өрөвдмөөр хувь тавилан хүлээж байж ч болох.

Хөгжлөөрөө хол тасархай улс болоогүй ч цөмийн бөмбөг үйлдвэрлэж чадсан Хойд Солонгосчууд хэрхэн дэлхий дахиныг айлган чичрүүлж бүхний анхаарлын төвд орж чадаж байгааг бид өөрсдийн нүдээрээ тэр талын мэдээллийг уншиж сонсож явна. Шинжлэх ухааныг эзэмших нь улс орныг хэрхэн хүчирхэгжүүлж болдогийн тод жишээг харж суугаа ч өнөөх л нэг зангаараа хойч үедээ хэрэгтэй зүйлсийг нь бус харин бүр ашиг тусгүй мэргэжлээр бүүр ажиллах хүчний илүүдэлтэй мэргэжлээр сонгон суралцуулсаар бүр хажуунаас нь шахаж шаардсаар хүчээр сургасаар байгаа нь харамсалтай.

Гэтэл өнөөдрийн байдлаар Монгол улсын их сургуулийн физикийн тэнхимд элсэн суралцах суралцагсад олдохгүй байгаагаас үүд хаалгаа барих дээрээ тулсан тухайгаа багш сурган хүмүүжүүлэгчид нь халаглан ярих нь харамсалтай

МУИС-ийн Физикийн тэнхимийн хоёрдугаар дамжаа ердөө таван оюутантай.  Тэдний хоёр нь  өөрийнхөө хүсэлтээр уг тэнхимд элссэн. Харин сургуулийн захиргааны зүгээс таваас бага оюутантай бол тэнхимийн хөтөлбөрийг хаах шаардлага тавьсан байна. Тиймээс багш нар нь тоо, физиктээ сайн гэх хүүхдүүдийг гуйж, түүж оюутныхаа тоог  арай гэж тав болгосноор үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болсон тухайгаа багш нар нь ярьж байна.

Уг нь, шинжлэх ухааны хаан нь математик,  хатан нь физик гэж үздэг. Физикийн шинжлэх ухаан нь хими, биологи зэрэг бүх төрлийн байгалийн шинжлэх ухааны үндэс нь. Орчлон ертөнц хэзээ хэрхэн үүссэнээс эхлээд, молекулуудын хөдөлгөөн зэрэг байгалийн бүх үзэгдлийг физикчид судалдаг. Өдгөө хүн төрөлхтний хэрэглэж байгаа гар утас, компьютер, техник технологи зэрэг нь физикчдийн судалгааны нэгээхэн хэсэг билээ. Гэтэл энэ том салбарын боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоо алдагдаж байгаа нь үнэхээр харамсалтай билээ. Харин дээрх нөхцөлд хүргэж байгаа хэд хэдэн учир шалтгаан байдаг байна.

.

 

Учир шалтгаан: 2014 оноос МУИС-ийн нэгдүгээр дамжаанд оюутан элсүүлэхдээ анги сонгуулалгүй шууд элсүүлэх болсон. Ингээд нэг жил ерөнхий хичээл заалгаад хоёрдугаар дамжаанаасаа мэргэжил сонгон суралцдаг зарчим нь физикээс хөндийрүүлж, энэ мэргэжлийг сонгох сэдлийг нь замхруулж оюутнууд ихэнхдээ өөр мэргэжил сонгон суралцдаг байна.

Дээрх шалтгаанаас дутахааргүй өөр нэг шалтгаан бол ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) ахлах ангид физикийн хичээлийг сонгон судлах хичээл болгосон бөгөөд сонгон судалж байгаа сурагчдын тоо тодорхой групп үүсгэх хэмжээнд хүрэхгүй бол цуцлагддаг байна. Энэ нь физикийн хичээлийг сонирхсон ч сонгож чадахгүй хохироход хүргэдэг байна. Үүнээс гадна бас нэгэн томоохон шалтгаан бол физикийн хичээлийг ЕБС-ийн багш нар заахдаа сурагчдад ойр байлгах тал дээр ажилладаггүй, асар хүнд хичээл мэтээр заадаг нь сурагчдыг физикийн хичээлд дургүй, энэ мэргэжлийг сонгон суралцах хүсэлгүй болгодгоос гадна хөгшин настай багш нарын заах аргачлал эрүүл мэндийн байдал ч мөн нөлөөлдөг байна.

Дээрх шалтгаанууд нь энэхүү мэргэжлээр боловсон хүчний дутагдалд ороход хүргэсэн гэвэл нөгөө талдаа бас өрөөсгөл зүйл юм. Дээрх шалтгаанууд дээр зайлшгүй нэмэгдэх нэгэн учир шалтгаан бол өнөөх л төрийн оролцоо дутмаг энэ төрлийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний ажил, судалгаа шинжилгээ түүний хөгжүүлэлт зэрэг дээр тусламж дэмжлэг дутмаг байдаг, мөн энэ төрлийн мэргэжлээр төгсөгчдөд ажлын байрны хүртээмж тааруу гээд олон олон учир шалтгаан байдаг билээ.

 

Физик гэж юу вэ?: физикийн шинжлэх ухааныг сонирхон судлан суралцах суралцагсадын хомстол үүссэн гэдэг нь хорвоо ертөнцийн талаарх сонин хачин түүнийг танин мэдэхүйн гайхалтай ертөнцийг сурталчилан таниулах нэвтрүүлэг сүүлийн жилүүдэд телевизээр бараг гарахгүй болсонтой шууд холбоотой болов уу?

Физик(Грекφύσις (phúsis), "байгаль" ба φυσικῆ (phusiké), "байгалийн тухай мэдлэг" гэдгээс гаралтай) нь материэнергиорон зай ба цаг хугацааг захирдаг тулгуур хуулиудыг нээх болон ойлгох зорилготой шинжлэх ухаан юм. Физикт ертөнц ба түүний харилцан үйлчлэлүүдийн эгэл хэсгүүд, мөн тулгуур зарчмуудын хүрээнд сайн ойлгож болохуйц системүүдийг шинжлэх явдлыг авч үздэг.

Харин физик нь дараах төрөл зүйлд ангилагдан задардаг асар өргөн хүрээний шинжлэх ухаан юм.

Сонгодог физик: Физикийн энэ салбар нь Исаак Ньютоны дэвшүүлсэн хөдөлгөөн ба таталцлын хууль, Жеймс Клерк Максвеллийн дэвшүүлсэн кинетик ба термодинамикийн онолыг судлах үүрэгтэй.

Сонгодог физик нь бие даасан субьект гэж үздэг тул голчлон бодис, энерги дээр төвлөрдөг. Акустик, оптик, сонгодог механик, цахилгаан соронзон нь сонгодог физикийн үндэс суурь болдог.

Үүнтэй адил орчин үеийн бүх физик онолыг энэ ангиллын шинжлэх ухаанд агуулж, дэмжиж байна (Аристотель, 1996).

Орчин үеийн физик: Орчин үеийн физик бол харьцангуйн онол ба квант механикийн судалгааг голчлон хийдэг физикийн салбар юм.

Альберт Эйнштейн, Макс Планк нар харьцангуй онол, квант механикийн онолыг шинжлэх ухааны ертөнцөд нэвтрүүлсэн анхны эрдэмтэд болох орчин үеийн физикийн анхдагчид байв (Мохиндроо, 2003).

Орчин үеийн физикийн дэвшүүлсэн санаануудын хүрээнд энерги ба материалыг бие даасан зүйл гэж үздэггүй, харин ижил ойлголтын өөр хэлбэрийг авч үздэг.

Цөмийн физик: Цөмийн физик бол атомын цөмийг бүрдүүлэгч элементүүд, бүтэц, зан байдал, харилцан үйлчлэлийг судлах үүрэгтэй физикийн салбар юм. Зарим нэвтэрхий толь бичигт физикийн энэ салбарыг атомын цөмтэй холбоотой бүх элементүүдийг хичээнгүйлэн судлах үүрэгтэй гэж тодорхойлдог.

Орчин үеийн эрин үед цөмийн физик асар их үсрэлттэй байсан. Өнөө үед ч гэсэн физикийн энэ салбар нь цөмийн эрчим хүч, цөмийн зэвсэг, зарим эмийг үйлдвэрлэх боломжтой болгодог.

Атомын физик: Атомын физик бол атомын бүтцийг цөмөөс нь хамааралгүйгээр судлах үүрэгтэй физикийн салбар юм. Ийм байдлаар энэ нь цөмийг тойрон эргэх электронуудын зан үйлтэй холбоотой юм (Physics, 1971).

Геофизик: Геофизик бол дэлхийн зан үйлийг судлах үүрэгтэй физикийн салбар юм. Түүний гол анхаарал нь дэлхийн бөмбөрцгийн хэлбэр, бүтэц, найрлагыг судлах явдал юм.

Тиймээс энэ нь таталцлын хүч, соронзон орон, магм ба галт уулын дэлбэрэлт зэргийг судлах үүрэгтэй.

Биофизик: Биофизик нь физикийн ердийн зарчим, арга техник, багаж хэрэгслийг ашиглан биологийн үзэгдэл, бэрхшээлийг судлах салбар судлал юм.

Бүх амьд организмаас гаралтай биологийн асуудал, молекулын бүтцийг судлах ажлыг биофизик ингэж хийдэг.

Биофизикийн гол ололтуудын нэг бол ДНХ (дезоксирибонуклеины хүчил) -ийн бүтэц, найрлагыг тодорхойлох явдал байв.

Механик: Механик бол янз бүрийн хүчний нөлөөнд автсан үед материйн хөдөлгөөнийг судлах үүрэгтэй физикийн салбар юм. Энэ салбарыг сонгодог механик ба квант механик гэсэн хоёр тодорхой салбарт хуваадаг.

Сонгодог механик нь объектын физик хөдөлгөөний хуулиуд болон эдгээр хөдөлгөөнийг үүсгэдэг хүчийг судлах үүрэгтэй.

Квант механик нь атомын электрон, нейтрон, протон зэрэг жижиг хэсгүүдийн зан үйлийг судлах үүрэгтэй физикийн салбар юм.

Квантын механик нь атомын бөөмсийн энэ зан үйлийг Ньютоны механикын сонгодог хуультай нийцэхгүй байхад судлах үүрэгтэй.

Акустик

Акустик гэдэг үг нь грек хэлнээс гаралтай "akouen" гэдэг нь "сонсох" гэсэн утгатай. Ийм байдлаар акустикийг дуу авиаг хэрхэн бий болгох, дамжуулах, хүлээн авах, хянах аргыг судлах үүрэгтэй физикийн салбар гэж тодорхойлж болно.

Үүнтэй адилаар энэ салбар нь янз бүрийн медиа (хий, шингэн ба хатуу) дахь дууны нөлөөг судлах үүрэгтэй.

Оптик: Оптик бол гэрлийн тархалт, зан байдал, шинж чанартай холбоотой бүхий л үзэгдлийг судлах үүрэгтэй физикийн салбар юм.

Гэрэл бол рентген туяанаас богино долгион хүртэл тархдаг цахилгаан соронзон спектрийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд харааны мэдрэмжийг оршин тогтнох боломжийг олгодог цацрагийн энергийг агуулдаг (Ховард, 2015).

Термодинамик: Термодинамик нь температурыг энергитэй холбон судлах үүрэгтэй физикийн салбар юм.

Ийм байдлаар термодинамик нь систем, ажил, температур, энерги нь ихэвчлэн томоохон хэмжээний ажиглалт хийхэд хэрхэн нөлөөлж байгааг судалдаг.

Астрофизик: Астрофизик гэдэг үг нь од гэсэн утгатай "астро" ба байгаль гэсэн утгатай "физос" гэсэн үгсийн нийлбэрээс гаралтай.

Ийм байдлаар астрофизикийг физикийн хуулиудыг ашиглан одод, галактикууд, гаригууд болон ертөнцийн бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг судлах үүрэгтэй физикийн салбар гэж тодорхойлж болно (Рафик, 2017).

Дээрх физикийн шинжлэх ухааныг судлан таньж мэдэхийг хичээж байгаа улс орон дэлхийг биш харин сансар огторгуйг эзэгнэн оршихийг зорьж буйг бид хоёр нүдээрээ харж хоёр чихээрээ сонссоор үлдэж байгаа нь даанч харамсалтай явдал билээ.

Тэгвэл физикийн шинжлэх ухааны тайлагдаагүй арван гайхалтай нууц байдаг бөгөөд энэхүү нууцыг тайлахаар дэлхийн физикийн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтэд судалгаа шинжилгээгээ хийсээр байна.

Манай улсын хувьд энэхүү шинжлэх ухаанаас өөрсдийгөө тусгаарлан авч үлдэхгүйн тулд ирэх жилээс МУИС физикийн ангид элсэн суралцагсадын сургалтын төлбөрийг 50% хөнгөлдөг байсан бол 100% хөнгөлж нэг ёсондоо үнэ төлбөргүйгээр суралцуулахаар болсон байна. Харин элсэн суралцагсад нь хоёрдугаар курсдээ 3.2 голчоос дээш дүнтэй суралцвал үргэлжлүүлэн үнэ төлбөргүй сурах боломжтой болжээ.

Тиймээс шинээр оюутан болох хүүхэд залуус физикийн шинжлэх ухааныг сонирхон судалж дэлхий дээр тайлагдаагүй физикийн дараах 10 гайхалтай нууцыг тайлж чадсан анхны хүн болох боломж нээлттэй байгаа нь баярлууштай явдал юм.

 

 

Физикийн тайлагдаагүй 10 нууц:

Харанхуй энерги

Орчлон ертөнц дээрх бүхий л биесүүд нь атомуудаас, атомууд нь эгэл бөөмсөөс бүрддэг. Бид товчхондоо үүнийг матери гэж нэрлэдэг. Хэдий ертөнц дээрх бүх материйг нэмсэн ч, таталцал огторгуй-хугацааг дотогш нь татаж байсан ч ертөнц тэлсээр л буйг эрдэмтэд ажиглажээ. Энэхүү тэлэлтийн хэмжээ нь улам хурдассаар байгаа бөгөөд ЯАГААД? гэдэгт одоогоор хэн ч хариулж чадаагүй байна. 
Энэхүү орчлон ертөнцийг улам хурдасган тэлүүлж буй үл мэдэгдэх зүйлийг эрдэмтэд "Харанхуй энерги" хэмээн нэрлэсэн юм. Одоогоор Харанхуй энерги нь яг юу болох тухай хэн ч мэдэж чадаагүй байна. Хамгийн түгээмэл хүлээн зөвшөөрөгдсөн онол нь космологийн тогтмол бөгөөд энэ нь огторгуй-хугацааны өөрийнх нь шинж чанартай холбоотой. Космологийн тогтмол нь орон зай хугацаа тэлж байх "сөрөг даралтыг" бий болгодог ба орон зай тэлэх бүрд илүү их орон зай бий болон илүү их орон зай бий болсноор илүү их харанхуй энерги бий болно гэж үздэг. Ертөнцийн тэлэлтийн тухай хамгийн сүүлийн үеийн туршилтын үр дүнгээр харанхуй энерги нь ертөнц дээрх бүх зүйлсийн дор хаяж 70 хувийг эзэлнэ хэмээн харуулжээ. Гэвч одоогоор хараахан хэн ч Харанхуй энерги гэж яг юу болох тухай, хэрхэн бий болсныг нь тайлбарлаж чадаагүй байна.


Харанхуй матери

Ахиад л нэг харанхуй зүйл. Орчлон ертөнцийн хурдассан тэлж буй шалтгаан нь харанхуй энергиэс болдгийг бид өмнө дурдсан. Тэгвэл ертөнц дээр харанхуй матери гэх зүйл мөн байдаг ажээ. Энэхүү матери нь ертөнцийн нийт материйн 84 хувь орчмыг эзэлнэ. Яагаад харанхуй гэж нэрлэсэн нь хэнд ч ойлгомжтой. Харанхуй матери нь гэрэлтэй ямар ч харилцан үйлчлэлд ордоггүй. Өөрөөр хэлбэл энэ төрлийн матери нь өөрөөсөө гэрэл цацруулдаггүй бас шингээдэггүй. (Биднийг бүтээж буй энгийн матери нь харин эсрэгээрээ гэрэлтэй харилцан үйлчлэлд ордог) Тиймээс ч харанхуй материйг шууд ажиглах боломжгүй. Бидний бүтээсэн ямар ч технологиор үүнийг ажиглаж хараахан чадаагүй байна. Гэвч Харьцангуйн онолын ачаар нөлөөг нь мэдрэх боломжтой. Галактик даяар тархсан харанхуйн материйн үүсгэх таталцлын орныг бид мэдэрч чадна. Хэрвээ ертөнцөд харанхуй матери байдаггүй байсан бол галактикийн төвд байрлах оддын галактикийн төвийг тойрч эргэх хурд нь захын ододтой харьцуулахад хурдан байх ёстой. Гэвч бодит байдал дээр бараг адилхан шахам байдаг. Энэ нь харанхуй материас болж байна гэж үздэг. Хамгийн их найдлага төрүүлж буй онол нь Сул Харилцан Үйлчлэлд Оролцогч Хүнд Бөөмс буюу СХҮХБ/WIMP/ юм. Харамсалтай нь бидэнд одоогоор үнэхээр эдгээр бөөмс нь харанхуй материйг бүтээдэг гэсэн хангалттай туршилтын баримт алга байна. Харанхуй матери гэж үнэхээр юу болохыг ирээдүй л бидэнд харуулах бизээ. 

Цаг  хугацааны чиглэл

1980-д онуудад бүтээгдсэн "Ирээдүй рүү буцсан нь" киног үзээгүй хүн тун ховор. Кинонд Док болон Марти нар цаг хугацааны машины тусламжтай өнгөрсөн ирээдүйн хооронд аялцгаадаг. Харин бид жинхэнэ амьдрал дээр цаг хугацаагаар аялагч нартай уулзаж байсан болов уу? Цаг хугацаагаар аялагчтай уулзах нь Үндэсний Лотонд дээд шагналыг тааруулахаас хэцүү байж мэднэ. Гэсэн ч энд нэг асуулт байна? Цаг хугацаа яагаад зөвхөн нэг чиглэлд л урсдаг вэ? Цаг хугацаа буцаж урсаж болох уу?

Бидний сайн мэдэж байгаа нэг зүйл бол цаг хугацаа үргэлж энтроп өсөх чиглэлд урсдаг. Энтроп гэдэг нь системийн эмх замбараагүйг тодорхойлдог ойлголт юм. Энтроп зөвхөн ихэсдэг, өөрөөр хэлбэл ертөнц дээрх бүх зүйлс эмх замбараагүй ихсэх хандлагатай байна. Гэвч орчлон ертөнц анх үүсэх үед энтроп маш бага байсан гэж үздэг. Их тэсрэлтийн үед энтроп асар бага байсан ба маш их хэмжээний энерги жижигхэн цэг дээр төвлөрсөн төлөвт байжээ. Өөрөөр хэлбэл ертөнц нь өөрийн эхлэлийн үедээ эмх замбараагүй биш, харин ч маш цэгцтэй замбараатай төлөвт байсан болж таарах нь. Харин яагаад, яаж гэдгийг мөн л хэн ч мэдэхгүй.


 

Матери ба анти матери

Харанхуй материйг ойлгох гэж ядаж байхад бас юун анти матери вэ гэж бодож байна уу? Харанхуйн матери нь гэрэлтэй харилцан үйлчлэлд ордоггүй болохыг өмнө дурдсан. Харин анти матери гэдэг нь биднийг бүтээгч материйн эсрэг нь гэж ойлгож болно. Жишээ нь орчлон ертөнц дэх нийт материйн 90 гаруй хувийг эзлэх устөрөгчийн атомыг сонирхоцгооё. Та энэ атомыг Менделеевийн химийн үелэх системийн нэг дугаараас хялбархан олох боломжтой. Устөрөгчийн атомын цөм нь ганц протоноос бүтэх бөгөөд энэ нь эерэг цахилгаан цэнэгтэй. Харин түүнийг тойрч эргэх электрон сөрөг цахилгаан цэнэгтэй. Тэгвэл бид цахилгаан цэнэгүүдийг нь сольчихвол юу болох вэ? Сөрөг цэнэгтэй протоныг эерэг цэнэгтэй электрон тойрч эргэх болно. Энэ бол анти устөрөгчийн атом. Түүнийг бүтээгч эгэл бөөмсийн цахилгаан цэнэгийн тэмдэг л солигдсоноос бус масс, нийлбэр цахилгаан цэнэг бүх зүйлээрээ ялгахын аргагүй.
Ертөнц дээрх бүхий л эгэл бөөмсийн (тэдгээр нь эерэг болон сөрөг цахилгаан цэнэгтэй) цахилгаан цэнэгийг эсрэгээр нь солиход анти эгэл бөөмс бий болно. Их тэсрэлтийн онол ёсоор ертөнц анх үүсэхэд матери, анти материйн хэмжээ адил байсан гэж үздэг. Харин тэгтэл бид өнөөг хүртэл ертөнцийн хаанаас ч анти  материас үүссэн биет олж хараагүй байна. Өөрөөр хэлбэл ертөнцийн үүслийн ямар нэг үед бүхий л анти материуд ор мөргүй алга болжээ. Хэрвээ матери, анти матери хоёр уулзвал тэд нь аннигляц гэх үзэгдлийг бий болгон гэрэл болон хувирдаг. Их тэсрэлтээс тэнцүү хэмжээний матери, Анти матери бий болсон, эдгээр нь бүгд аннигляцид ороод ертөнцөд зөвхөн гэрлээс өөр зүйл үлдэхгүй байв. Гэвч ямар нэгэн механизмийн улмаас биднийг бүтээгч матери үлдэж хоцорчээ.
Эгэл бөөмийн физикийн Стандарт Онол нь энэ асуудлыг CP тэгш хэмийн эвдрэлийн тусламжтай тайлбарлахыг оролдсон ч боловч туршлагаар ажигласан үр дүнгээс бүтэн арвын зэрэг дахин зөрдөг. Тиймээс энэхүү матери, анти материйн зөрүү хэрхэн бий болсон талаар хангалттай сайн тайлбарласан онол хараахан бий болоогүй л байна. Магадгүй та физикийн мэргэжлийг сонирхож буй сурагч бол танд боломж нээлттэй байж мэдэх юм. Эрдэмтэд Европийн Цөмийн Судалгааны төв дээрх Аварга Адрон Мөргөлдүүлэгч (CERN-LHC) туршилтууд нь бидэнд дээрх асуудлыг шийдэхэд тус болох баримтуудыг гаргаж өгнө гэдэгт ихээр итгэж байгаа юм. 


Стандарт онолын дараа?

Өнгөрдөг зууны хоёр дугаар хагаст эгэл бөөмийн физикийн Стандарт онол бий болжээ. Энэхүү онол нь ертөнц дээр ажиглагдах бүхий л матери болон тэдгээрийн харилцан үйлчлэлийг нэгтгэсэн онол юм. Стандарт онол нь зургаан төрлийн кварк, зургаан төрлийн лептон, болон цөмийн хүчтэй, сул, цахилгаан соронзон харилцан үйлчлэлүүдийг нэг онолд багтаан тайлбарладаг. Мөн мартаж боломгүй хамгийн гол зүйл нь Хигс механизм. Хигс механизм нь эгэл бөөмс хэрхэн масстай болж тайлбарладаг бөгөөд энэ нь тэгш хэмийн аяндаа эвдрэлээс болж буйг харуулдаг.
Өдгөөгөөс зургаан жилийн өмнө CERN-LHC дээр Стандарт Онолын сүүлчийн нээгдээгүй байсан бөөм болох Хигс бөөмийг нээснээ зарлажээ. Гэвч өдгөөг хүртэл үүнээс цааш ямар шинэ нээлт байх талаар хүмүүс хараахан тодорхой ойлголтгүй л байна. Хамгийн том боломж нь супер тэгш хэмийн онол бөгөөд харамсалтай нь одоогоор нэг ч супер  тэгш хэмийн бөөм нээгдээгүй байгаа юм. Зарим эрдэмтэд Стандарт онолоос цааших нээлтүүд нь утасны онол руу хөтөлнө гэж үздэг. Хэдийгээр Стандарт онол нь бидэнд буй хамгийн сайн онол ч тайлбарлаж чадахгүй асуудлууд бий. Харин хамгийн эхний зөв Стандарт онолын өргөтгөл нь юу болох тухай хэн ч тодорхой мэдэхгүй байгаа юм. Эрдэмтэд зөвхөн CERN-LHC дээр ямар ч хамаагүй шинэ фундаментал бөөм нээгдээсэй гэсэн найдвараас өөр зүйл алга. 

 

Ертөнцийн ирээдүй юу вэ?

Орчлон ертөнц их тэсрэлтээс үүссэн бөгөөд улам хурдассан тэлж буй шалтгаан нь харанхуй энергиэс болж буйг эхний хэсэгт дурдсан. Хэрвээ энэхүү тэлэлт нь ирээдүйд үргэлжилсээр л байвал ертөнц тэлэн тэлсээр атом болон эгэл бөөмс ч задран алга болж оргүй хоосон болох юм. Эсвэл ирээдүйд ямар нэг механизмын улмаас ертөнц буцаад агшиж болно гэж үздэг. Аль нь болохыг бүрэн дүүрэн ойлгохын тулд эрдэмтэд ертөнцийн анхны хувьсал хөгжлийг хангалттай сайн мэдэх шаардлагатай. Харамсалтай нь их тэсрэлтийн үеийн тухай бүрэн онол хараахан бий болоогүй байгаа тул тодорхой хариулт өгөхөд эрт байна. Ертөнц ирээдүйд тэлсээр ч байж болно эсвэл буцан агшиж ч болно. Магадгүй бүүр тэнцвэртэй төлөвт ороод зогсож ч болно. Хэн мэдлээ.

 

 

Гравитаци гэж юу вэ?

Цөмийн хүчтэй, сул, Цахилгаан соронзон, гравитаци буюу таталцал нар нь байгалийн үндсэн дөрвөн харилцан үйлчлэл юм. Цөмийн хүчтэй харилцан үйлчлэл нь глюон гэх бөөмсөөр зөөгдөнө. Сул харилцан үйлчлэл нь хүнд масстай W+,W-, Z бөөмсөөр зөөгддөг бол цахилгаан соронзон харилцан үйлчлэлийг фотон дамжуулдаг. Хэдийгээр гравитацийг гравитон гэж нэрлэгдэх бөөм дамжуулна гэж үздэг боловч одоогоор гравитоныг нээсэн туршилтын баримт байхгүй байна. Мөн түүнчлэн энэхүү бөөм нь массгүй ба бүртгэж авахад маш хэцүү. Тиймээс бүртгэгдсэн байлаа ч бусад шуугианаас болоод нээх боломжгүй гэж үзэх эрдэмтэд ч байдаг.
Үүн дээр нэмээд квант гравитацийн онол нь хараахан бий болоогүй байгаа юм. Өөрөөр хэлбэл эгэл бөөмийн физикийн Стандарт онолд гравитацийг нэмж оруулж чадаагүй байна. Энэ байдал нь эрдэмтдийг гравитацийн тухай эргэн харахад хүргэдэг. Харьцангуйн онол ёсоор гравитаци нь материйн үүсгэх огторгуй-хугацааны муруйлт бол эгэл бөөмсийн ертөнц дэх асар жижиг хэмжээсийн хувьд энэ нь ямар хэлбэртэй болох тухай бүрэн дүүрэн ойлголт байхгүй. Квант гравитацийн онолыг бүтээх нь онолын физикийн хамгийн том зорилгуудын нэг бөгөөд ертөнцийн үүслийн тухай судлахад чухал нөлөө үзүүлэх юм.


Үндсэн тогтмолууд

Ертөнц аливаа харилцан үйлчлэл нь ердөө хэдхэн тогтмол тоонуудын тусламжтай тайлбарлагддаг. Эдгээрийн нэг нь бидний сайн мэдэх гэрлийн хурд юм. Гэрлийн хурд нь үндсэн тогтмол бөгөөд бид үүнийг төрөл бүрийн нэгжээр хэмждэг ч онолын бичиглэлд нэгж оноож өгөх шаардлагагүй байдаг. Мөн эдгээр тогтмол тоонуудыг гаргаж ирдэг ямар ч онол байдаггүй. Бид зөвхөн тогтмолуудыг туршлагаар хэмжиж тогтоох боломжтой. Тогтмолууд яагаад бидний ажиглаж байгаа утгатай байгааг тайлбарлах нь маш чухал. Учир нь гэрлийн хурд жаахан удаан л байсан бол бидний амьдарч буй ертөнц шал өөр байх байсан.
Электрон бидний мэддэг хэмжээнээс жаахан л хүнд байсан бол цөм дээрээ унан атомууд бий болохгүй байх ажээ. Зарим хүмүүс үүнийг бурхны зурсан зураг гэдэг ч эрдэмтдэд энэ хариулт хангалттай биш. Тэд эдгээр тогтмолууд нь ямар нэг утгыг илэрхийлдэг, тэднийг онолоор тооцон гаргаж ирэх боломжтой хэмээн үздэг. Эдгээрийн хамгийн алдартай оролдлого Утасны онол бөгөөд утасны онолд ердөө ганцхан тогтмол оршдог. Энэхүү тогтмолын авч болох утгуудаас шалтгаалаад төрөл бүрийн ертөнцүүд байж болно. Харамсалтай нь манай ертөнцийн хувьд энэ тогтмол ямар байх вэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Утасны онолын хувьд тэдгээр бүх утгуудыг бодохын тулд ертөнц дээрх хамгийн хүчтэй компьютер нэг сая жил тасралтгүй ажиллах шаардлагатай болдог. 


 

 

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(336): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26