Хандивын Бүгд Найрамдах Улс

Батхишиг | speaker.mn
2021-06-11 23:57:04

Өнөөдөр та эрүүл саруул байгаадаа баярлах учиртай тийм л улс оронд амьдарч байна. Хорт хавдраар өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж улмаар тус өвчнөөр өвчлөгсдийн нас улам бүр залуужих болсон нь хамгийн ихээр санаа зовоосон нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал болоод удаж байгаа билээ.

Гэтэл манай улсын хувьд хүн эрүүл мэндийн даатгалаараа өөрийгөө бүрэн эмчлүүлэх боломжгүй мөн эрүүл мэндийн салбарт чадварлаг боловсон хүчин хийгээд эрүүл мэндийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж дутагдалтайгаас үүдээд хорт хавдраар өвчлөгсөд ихэнхдээ гадаад улсыг зорьж эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог. Гэсэн хэдий ч ихэвчлэн өөрсдийн зардлаар эмчилгээ хийлгэх боломжгүй байдаг тул ард түмнээсээ сайн санааны тус хүсэж хандив хүсэх болоод олон жилийн нүүр үзлээ. Хэдийгээр ард түмэн сайхан сэтгэлийн үүднээс чадах ядахаараа тус дэм болж олон ч хүнд амьдрал бэлэглэж чадсан ч өвдсөн зовсон хүн бүхэнд туслах боломжгүйгээс гадна тусламж хүсэж бусдад төвөг удахаас татгалзаж үхэл амьдралын заагт амьдрах гэж сүүлийн амьсгалаа хураатал өөрийн хүчээр тэмцсэн алтан амь хэд байсан бол гэж бодохоор үнэхээр харуусал төрмөөр.

Хүн амын дунд хорт хавдрын өвчлөл ихсэж байхад улс орныг удирдан залж яваа засгийн газар болоод эрүүл мэндийн яамнаас яаралтай хариу арга хэмжээ авч хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зогсож хөрөнгө мөнгө ихээр зарах цаг нэгэнт болжээ. Хэдийгээр манай улсад олон арван тулгамдсан асуудлууд байгаа боловч хүн амын эрүүл саруул аж төрөх үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь ханган ажиллах нь үе үеийн засгийн газрын нэн тэргүүнд биелүүлэн ажиллах ёстой ажил мөнөөсөө мөн билээ.

 Эмнэлэг сургуулийн хүртээмж муугаас болж сургуульд сурах насандаа сурч боловсорч чадахгүй, анги дүүргэлт ихтэйгээс боловсролын тэгш бус байдал газар авах болсноос гадна эмнэлгийн хүртээмж муугаас болж эрүүл мэндийн үйлчилгээ авч чадалгүй харамсалтайгаар хорвоог орхих нь цөөнгүй байна. Сонгууль бүхнээр сайхан амлалт хэлж гарч ирдэг боловч ихэнх засгийн газрын мөрийн хөтөлбөрүүд бүрэн биелэхгүй байсаар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж улмаар өөр нэгэн засгийн газар байгуулагдснаар өмнөх засгийн газрынхаа эхлүүлсэн ажлыг цаашид тогтвортой үргэлжлүүлэх гэхээсээ илүүтэйгээр өөрсдийн мөрийн хөтөлбөрт тусгасан ажлыг шинээр эхлүүлдэг нь одоогийн энэ нийгмийн тулгамдсан асуудлын суурь шалтгаан болсоор ирсэн юм. Хэдийгээр засгийн газар бүхэн шинээр сургууль цэцэрлэг барьдаг боловч өдийг хүртэл сургуулийн хүртээмжийн асуудал яригдсан хэвээр. Үүнтэй адил хэдэн жил үргэлжилж нэг засгийн газраас нөгөө засгийн газрыг дамжин үргэлжлэх эрүүл мэндийн төвийн барилгуудын бүтээн байгуулалт хэтэрхий удаашралттай явагддагаас болж эрүүл мэндийн үйлчилгээгээ хангалттай хэмжээнд авч чадалгүй амь нас эрүүл мэндээрээ хохирох хүний тоо буурахгүй байгаа нь үнэхээр харамсалтай.

Ард түмэн нь өөрсдийн халааснаасаа хоолныхоо мөнгөнөөс бусаддаа илүүчилж нэгэндээ амьдрал бэлэглэхийн төлөө хичээн зүтгэж байхад төр засаг нь эрүүл мэндийн салбараа шинэчлэх гэж яарахаас илүүтэйгээр ард түмнийхээ нуруун дээрх ачааг хөнгөвчлөх бус бүүр ч ихээр нэмэгдүүлдэг нь туйлын хачирхалтай. Сонгуулийн амлалт мөрийн хөтөлбөртөө татвар нэмэгдүүлэхгүй гэдэг ч угтаа татвар нэмж ард түмнийхээ халаас руу өнгийдөг нь хулгайч сэтгэхүйгээс нь гардаг араншин гэлтэй. Угтаа бол татвар нэмэгдүүлж байгаа шигээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болоод тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлэх учиртай байв ч өдийг болтол тэтгэвэр тэтгэмж нь хүн ардынхаа амьжиргаанд хүрэлцэхгүй байсан хэвээрээ. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нь амьдралд нь хүрэлцэхгүй байдлаас болж хүн ард нь амин дэмтэй  хоол хүнс хэрэглэж чадахгүй хоол хүнсний дутагдалд орох улмаар бие нь сульдах ядаргаанд орох, амархан өвчлөмтгий болох гээд эрүүл мэндийн асуудлуудад өртсөөр байна.

Амьдрахын төлөө цаг нарыг умартан ажиллах залуусын дийлэнх нь эрүүл мэндээ үл хайхран үр хүүхэд, гэр бүлээ тэжээх гэж хичээж явахдаа нэг л мэдэхэд хүндээр өвчилж улмаар улс орондоо эмчлэгдэх боломжгүй болж гадаад улсыг зорин эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байх нь цөөнгүй. Гэвч тэдэнд санхүүгийн асуудлууд тулгарч үүнээсээ болж үхэх замыг сонгох нь ч цөөнгүй. Гэтэл эдгээр асуудлыг өндөр хөгжилтэй орнууд эрүүл мэндийн даатгалаар нь бүрэн шийдвэрлэж хүн ардаа жилд нэгээс хоёр удаа эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамруулж эрүүл энхийнх нь манаанд бүрэн зогсож чаддаг юм.

Харин манай улсын хувьд бол эрүүл мэндийн даатгалаар бүрэн шинжилгээнд хамруулах нь бүү хэл ханиад тусаад эмнэлэг бараадах хүүхдэд ор хүрэлцдэггүй гэх наад захын асуудал тулгарсан хэвээр. Ханиад зэрэг яахав гэхэд хорт хавдраар өвчлөгсөдөө эрт үед нь илрүүлж эмчилгээнд хамруулж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Амьдралын боломжтой нэг нь өөрийн зардлаар гадаад улсын шилдэг эмнэлэгүүдээс сонгоод эмчилгээ хийлгэж чаддаг хэдий ч амьдралын боломж тааруу хүмүүсийн хувьд сайхан сэтгэлд ард түмнээсээ хандив тусламж гуйх гэсэн эцсийн найдлага үлддэг нь үнэхээр өрөвдөлтэй. Гэсэн хэдий ч эдгээр асуудлуудыг нь шийдвэрлэж чадахгүй худал хоосон амалдаг хүмүүсээ удаа дараалан сонгосоор байдаг нь ёстой л хүртэх ёстойгоо хүртэж байгаагаас өөрцгүй явдал юм.

Харин сүүлд гарсан нэгэн мэдээлэлд засгийн газраас ард түмнээ жилд нэг удаа эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамруулдаг болно гэх тун таатай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан нь тун сайшаалтай явдал юм. Гэсэн хэдий ч ярих хэлэх, ажил хэрэг болгох нь эрс тэрс байдгийг бидний Монголчууд мэдэхийн дээдээр мэддэг билээ. Ажил хэрэг болж биелэлээ олсон хойно нь л төр засгийнхаа хэлсэн ярьсанд итгэхгүй бол болохгүй гэдгийг тэдний биелэлээ олоогүй өнгөрсөн амлалтууд тодоос тод гэрчилнэ.

 Уг нь ард түмэн эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгөөрөө жилд нэг удаа эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамрагдаж чаддаг болчихвол элдэв хорт хавдар хийгээд амархан хүндэрч амь насанд заналхийлдэг бусад өвчөлүүдийг эрт үед нь илрүүлж эмийн эмчилгээгээр бүрэн эмчлэх боломжтой болох юм. Ингэснээр нэг нэгнээсээ хандивын гараа сунгахыг гуйх бус өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд эзэн нь болж явах бүрэн боломжтой болох билээ. Тиймээс ард иргэд бидний төр засгаасаа хүсэх зүйл бол ярьсан хэлсэн болоод амалсан амлалтаа ажил хэрэг болгож биелүүлдэг байх явдал билээ.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(336): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26