Сонгоод дараа нь орил

Энхбаясгалан | speaker.mn
2021-09-21 20:45:39

Цаг хугацаа бол үнэний цор ганц шүүгч юм. 2015 онд эрх баригч ардчилсан намын засгийн газрын гадаад өр 3.5 ам тэрбум доллар хүрэхэд тухайн үеийн сөрөг хүчин болох МАН намынхан засгийн газрыг шүүмжилж улс орныг болоод ирээдүй хойч үеэ төлж барашгүй их өрөнд унагаж байна хэмээж байсан билээ. Гэтэл 2021 оны байдлаар эрх баригч МАН-ын байгуулсан засгийн газрын гадаад өр энэ оны нэгдүгээр улиралын байдлаар 8 тэрбум ам долларт хүрээд байна. Хэдийгээр дэлхий дахинаа корона вирусын аюулд өртөж цар тахлын улмаас улс орнуудын эдийн засаг уналтад орж байсан ч энэхүү шалтгаанаар засгийн газрын гадаад өрийн бодлогыг хаацайлж боломгүй.

Мөн үүгээр тогтохгүй 2012-2016 оны хооронд засаглаж байсан АН намын үеийнхээс шатахуун түлш бараа бүтээгдэхүүний үнэ өсөж дээр нь Монгол төгрөгийн ам доллартай харьцах харьцаа эрс суларч төгрөгийн ханш буурсан нь иргэдийн амьдралд хүндээр тусаж эхлээд байна.

Тухайлбал: Дизель түлш” 2016-05-18 өдөр 1,690 төгрөгийн үнэтэй байсан. Түүнээс хойш 2016-05-31 өдрийг хүртэл тогтмол 1,640 төгрөгийн үнэтэй байв. “Аи-76, 80” шатахуун 2016-05-18 өдөр 1,470 төгрөгийн үнэтэй байсан ба дараа долоо хоногийн ажиглалтаас 2016-05-31 өдрийг хүртэл тогтмол 1,450 төгрөгийн үнэтэй байна. Шатахуун түгээх станцуудаар “Аи-92, 93” шатахуун 1530-1550 төгрөгийн үнэтэй байна. “Аи-95” 2016-05-18 өдөр 1,750 төгрөгийн үнэтэй байсан. Түүнээс хойш 2016-05-31 өдрийг хүртэл тогтмол 1,730 төгрөгийн үнэтэй байв. “Газ” 2015-05-06 өдөр 1,320 төгрөгийн үнэтэй байсан ба түүнээс хойш 2016-05-31 өдрийг хүртэл тогтмол 1,100 төгрөгийн үнэтэй байв.

Харин 2020 онд цар тахлын улмаас дэлхий дахинаа нефьтийн буюу шатахууны хэрэглээний хэмжээ буурч үнэ буурсан нь манай улсын шатахуун импортлогчид үнээ буулгах нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Гэсэн хэдий ч корона вирусын цар тахалын дэгдэлт багасаж улс орнуудын вакцинжуулалт эрчимжиж эхэлсэнтэй холбоотойгоор урьдын хэвийн амьдралдаа шилжиж эхэлснээр шатахууны хэрэглээ өсөж эрэлт ихэссэнээр үнэ өсөх болсон. Гэвч манай улсын хувьд 2021 оны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор шатахууны үнийг хүчээр барьж байсан нь ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар шатахуун импортлогчдийн литр тутамд 600 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаагаас үүдэлтэй 2 үе шатлалтайгаар нийт 600 төгрөгийн үнэ нэмсэн явдлаар ил болсон билээ. Харин сүүлийн нэг сарын хугацаанд Монгол улсын шатахуун импортлох явцад асуудал үүсч шатахууны импорт тасалдаж эхэлсэн асуудлаас үүдэн шатахуун түгээх станцууд 30мянган төгрөгөөс доош үнийн дүнд хэрэглэгчдэд шатахуун зарж байсан ч сүүлийн хэд хоногт АИ92 АИ95 шатахуун дууссан гэх шалтгаанаар шатахуун түгээх станцууд шатахуун зарахаа зогсоож иргэдийг ихээн бухимдуулаад байна.

Хэдийгээр АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр:АИ-92 шатахуун зарим шатахуун түгээх газарт худалдаалагдахгүй байгаа талаар 9сарын 14-нд мэдээлэл өгөхдөө. Тус бензиний гол нийлүүлэгч нь ОХУ юм. Ангарскийн үйлдвэрт засвар хийж байгаагаас АИ-92 шатахууны нөөц багассан.

Манай улс газрын тосны бүтээгдэхүүний 28 хоногийн нөөцтэй байна. Шатахууны хомстол үүсээгүй. Нөөц тодорхой хэмжээгээр багассан. Шатахууны үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй хэмээн мэдэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар шатахууны хомсдол үүссэн гэхдээ 10 сар гэхэд урьдын хэвийн байдалд орно хэмээн мэдэгдээд байна.

Тэгвэл өнөөдрийн байдлаар АИ92 бензин 2050 төгрөгөөр борлуулагдаж байгаа билээ. Харин хомсдол үүссэнээр шатахууны үнэ ахин өсөх вий хэмээн иргэдийн дунд хардлага төрөөд удаж байна. Тэгвэл нэг хэсэг нь зах зээлийнхээ зарчмаар үнээ нэмээд ч болтугай бензинээ зарж эхлээсэй гэж байгаа бол яг энэ мөчид Монгол улсын ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ шатахуун имдортлогчидтай хаалттай уулзалт хийсэн бөгөөд энэхүү уулзалтаараа шатахууны хомсдлыг арилгах үүднээс БНХАУ-с дутагдалтай байгаа шатахууныг имдортолж авахаар тохиролцсон байна. Учир нь ОХУ-аас сар болгон 28мянган тонн АИ92 бензин авах харилцан үүрэг хүлээсэн гэрээтэй боловч Ангарскийн нефьт боловсруулах үйлдвэрийн засварын ажилтай холбоотойгоор 17мянган тонн шатахуун нийлүүлнэ гэж мэдэгджээ. Иймээс манай улс үлдэгдэл бензинээ урд хөршөөсөө нөхөж авахаар гэрээ хэлэлцээр хийсэн байгаа ч шатахуун татаж авахад дор хаяж 7 хоногийн хугацаа шаардлагатай юм байна. Харин энэ хугацаанд үнэ нэмэлгүй хязгаарлалттайгаар хэрэглэгчдэд шатахуун зарахаар шатахуун түгээх станцуудтай тохиролцоонд хүрсэн байна. 

Хэрвээ зах зээлийн зарчмаар нь төр оролцолгүй орхисон бол өдийд ингэж шатахууны хомсдол үүсэхгүй ч байсан байж болох юм. Гэвч сонгуулийн шоу хийж төрөөс хүчээр оролцсон нь асуудлыг ийнхүү хурцадмал байдалд хүргээд байна. Тог цахилгаан, шатахуун түлшний хараат бус байвал үсрэнгүй хөгжил ярих ч хол хэвтэнэ гэгч болох биз. Хэдийгээр манай улс дотооддоо нефьт боловсруулах үйлдвэр барьж байгаа ч энэ нь  одоогийн нөхцөл байдалд хонгилын үзүүрт гэрэл харагдахтай адил юм. Улсын хөгжлийг урагшлуулах стратегийн ач холбогдолтой  томоохон төсөл хөтөлбөрүүдээ аливаа улс төрийн явууллагагүйгээр хэрэгжүүлж сурах нь манай улсын хөгжлийн хамгийн том түлхэц болох түлхүүр нь ч байж болох юм. Харин иргэдийн хувьд хариуцлагатай улс төрчдөөр парламентаа бүрдүүлж сурах нь тэрхүү хөгжлийн түлхүүрийг түлхэж өгөхтэй агаар нэгэн билээ. Бид өнгөрсөн хугацаанд хоёр хар хэрээнээс аль нэгийг нь энэ нь арай дээр хэмээн дээрчилж сонгож ирсэн ч угтаа бол сонголт бүрийнхээ араас амаа барьж ирсэн түүхтэй. Тэнэг хүмүүс биеэрээ туулж ухаардаг гэдэгч өдийг болтол Монголчууд хийсэн сонголтынхоо алдаа бүхэн дээрээсээ суралцаж чадаагүй яваа нь үнэхээр харамсалтай. Намчирхаж бус харин эрдэм мэдлэгийг голчилж нам харгалзалгүй сонгож сурсан цагт л улс орон хөгжлийн замдаа орох бизээ.

 

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(336): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26